Зарим хүн “Олон шатлалт сүлжээний маркетинг”-ийг хүлээж авдаггүй. Гэвч сүлжээний маркетингийн зарчмын хувьд гэвэл түүнийг үгүйсгээд байх юм үнэндээ юу ч байхгүй. Харин түүний зарчмыг ашиглан “тааруухан” ажиллаж байгаа зарим байгууллага, хувь хүмүүсийг л шүүмжилж болох юм.
Цаашид ОШСМ-ийн тухай баримт зарчмуудыг авч үзэх болно.
1. Сүлжээний маркетинг буюу пирамид бүтцийг хуваарилалтанд ашигладаг. Үйлчилгээ үзүүлдэг, эсвэл бүтээгдэхүүн борлуулдаг байгууллага бүр тодорхой хэмжээнд хүрмэгцээ, доошлох тусмаа улам өргөсөн тэлдэг олон шат төвшинт пирамид хэлбэртэй болдог. Эрх мэдлийн хуваарилалт, төлөөлөл нь олон шатлал төвшин бүхий пирамидыг бий болгодог. Жишээ нь: засгийн газар, сургууль, сүм хийдүүд гэх мэт. Бүтээгдэхүүн, үйлчилгээг худалддаг, амжилттай ажиллаж буй фирм, компаниуд нь эцсийн дүнд мөн л пирамид хэлбэртэй болдог.
2. Олон шатлалт бүтэц бүрийн хувьд хүч нь доороос ирдэг. Засгийн газар үйлчилгээг дээрээс доош нь хуваарилдаг. Гэтэл түүний хүч нь сонгогчдын санал хэлбэрээр доороос ирдэг. Маркетингийн компаниуд нь өөрсдийн бүтээгдэхүүнээ бас л дээрээс доош нь хуваарилан борлуулдаг боловч компанийн хүч чадал нь мөнгө орж ирдэг доод төвшнээс л хамаардаг. Пирамид системийг бас хоёр урсгал бүхий голтой зүйрлэж болох юм. Дээрээс доош, доороос дээш гэсэн хоёр урсгал. Тодорхой хэмжээний үнэт зүйлс доошоо урсаж, эсрэг урсгалаар нь хүч дээшээ өгсөнө. Хэрэв ямар нэг шалтгаанаар үнэт зүйлс доошоо явахаа боливол эсрэг урсгал болох хүч (мөнгө эсвэл сонгогчийн санал) мөн зогсож, уг систем бүрэн сүйрнэ.
3. Зөвхөн хамгийн доод төвшний төлөөлөгч хариуцлага хүлээж чадаж байгаа тохиолдолд л олон шатлалт сүлжээний маркетингийн бүтэц сая ажилладаг. Энэ санааг сүлжээний маркетингийн санаачлагчид анх нээсэн юм. Тэдний хэлж ярьж байсныг базаад хэлбэл, хүн бүр өөрийнхөө төлөө хийж чадах тэр юмаа л хийх ёстой ажээ. Харин хийж чадахгүй юмаа арай дээд төвшинд гүйцэтгүүлэхээр дамжуулах ёстой. Жишээ нь бид өөрсдөө сургууль, зам барьж чадахгүй, түүнийг хот бариулна, хотын чадахгүйг улс гэх мэт.
Харин дээд төвшнийхэн доод төвшнийхний сайн хийж чадах тэр зүйлийг нь өөртөө хамж аваад байвал тийм систем доголдон бүх юм удааширч, эцсийн дүнд уг систем сүйрнэ.
Олон шатлалт сүлжээний маркетинг гэдэг бол хариуцлагыг хамгийн доод төвшинд буюу хувь хүмүүст шилжүүлдэг эдийн засгийн тийм систем яг мөн. Чухам ийм ч учраас “Олон шатлалт сүлжээний маркетинг”-ийн хэлбэрүүд маш хурдацтай өсөж хөгжиж байгаа юм. Энэ нь мөн олон шатлалт сүлжээний маркетингийн компаниудын зөвлөхүүд (дистрибьютер) нь хэдий чинээ хүчтэй, сэтгэлийн хат, зориг тэвчээртэй хүмүүс байна, уг компаниуд нь мөн л тэр хирээр хүчтэй гандан бууршгүй байх болно гэдгийг харуулж байгаа юм.
Хэрэв дээрээс жинхэнэ үнэт зүйлс орж ирэхээ болих юм бол доороос орж ирэх хүч ч мөн барагддаг гэдгийг голлох төлөөлөгчид, гүйцэтгэгчид мартаад эхэлбэл олон шатлал сүлжээний маркетингийн компаниуд сөнөж мөхөх замдаа эргэлт буцалтгүй орно. Өөрөөр хэлбэл, хэрэв хүмүүс мөнгө хийхийг хүсэж байгаа бол тэд өөрсдөө эхлээд жинхэнэ үнэт зүйлсийг бусдад өгч чадах хэрэгтэй гэсэн үг юм. Үүний эсрэгээр зөвхөн хүмүүсийг элсүүлэх ажлыг л дагнан хөөцөлдөж байгаа компаниуд хамгийн өөдгүй, муу системийн жишээнд орно. Бусад тохиолдолд зарим компаниуд тухайн бизнесийн салбарт мэргэшсэн зонхилох бүтээгдэхүүн биш хэрнээ тийм мэт дүр эсгэсэн дуураймал бүтээгдэхүүнийг санал болгох замаар дээрээс жинхэнэ үнэт зүйлс орж ирж буй дүр үзүүлэх гэж оролддог. Иймэрхүү хуурмаг ажиллагаа ямагт илэрч, дээшээ явах мөнгөний урсгал саарч зогсон, улмаар уг компани дампуурдаг.
Түүнээс гадна гүйцэтгэгчид нь өөрийн байр суурин дээрээ бат зогсож чадаагүйгээс болоод “Олон шатлалт сүлжээний маркетинг”-ийн компаниуд хаалгаа барих, үгүй гэхэд тэдний нэр хүнд нь унах тохиолдлууд гардаг. Зарим дистрибьютер хүмүүсийг хуурч элсүүлэх тохиолдол ч бас гардаг. Зарим нь дандаа хэрүүл маргаан тарьж, нэг нэгнийгээ дарж үгүй хийх гэж оролдоно, зарим байгууллага үргэлжийн хэрүүлтэй, худал цуу яриа тараах чиглэлээр “мэргэшсэн” байх нь ч бий.
Бусад төрлийн компаниудыг бодвол “Олон шатлалт сүлжээний маркетинг”-ийн компанийн гишүүд дэндүү их эрх чөлөө эдэлдэг болохоор хүнтэй холбоотой ийм төрлийн дутагдал доголдол харьцангуй их гардаг.
Дээр дурьдсан, байнга гарч байдаг шалтгаануудаас гадна олон шатлалт сүлжээний маркетингийн зарим компаниуд нь түүний гол чиглэл, үзэл баримтлалаас биш, харин энэхүү үзэл баримтлалаа тэр болгон үнэнч, зөв дагаж мөрдөж чадаагүйгээсээ болж дампуурдаг.
Тэгэхлээр та олон шатлалт сүлжээний маркетингийн гол үзэл баримтлалд итгэж, түүнд дандаа үнэнч байж, хүмүүст чин сэтгэлээсээ хандаж, зөвхөн хамгийн сайн сайхан зүйлд сэтгэл ханамжтай явж сураарай.
No comments:
Post a Comment