Бөөн хүмүүсийг хамтад нь нийлүүлээд л баг болчихгүй. Ер нь юуг юу ч гэж хэлж нэрлээд байж болдог. Хүний бодол санааг үг бүрэн илэрхийлж чаддаггүй. Гэхдээ үг хүчтэй. Үгийн хүч нь түүнд шингээсэн энергитэй шууд холбоотой байдаг. За энэ ч өөр сэдэв л дээ, орхиод үндсэн санаагаа барьж авъя.
Баг, хамт олон гэдэгт бид дараах ойлголтуудыг хамааруулж ойлгох хэрэгтэй.
- Бие даан ажиллах бүрэн чадвар бүхий тус тусын онцлог авьяас, мэдлэгтэй хувь хүмүүс
- Багийн гишүүн бүрд хамаарах тодорхойлсон зорилготой
- Тодорхой зорилгодоо тэмүүлсэн нэгдмэл үйл ажиллагаатай
- Нэгдсэн үйл ажиллагаанд гишүүн тус бүр өөр өөрийн хувь нэмрийг сайн дураараа оруулдаг
Ийм хамт олныг баг гэнэ ээ, гэж. Хамт олон баг болж ажиллах чадвартай бол тэнд амжилт заавал байдаг. Аливаа ажилд авах зарыг харж байхад ихэнхд нь "Багаар ажиллах чадвар" гэдэг үзүүлэлт нөхцөл болж орсон байдаг болж. "Багаар ажиллах чадвар" гэдэг нь өөрөө юу гэсэн утгыг агуулдаг юм бол.
- Хүнтэй хэрэлдээд байдаггүй
- Янз янзын ааш араншинтай хүнтэй эвийг нь олоод харилцаж чаддаг
- Өгсөн үүрэг даалгаврыг хэл амгүй хийдэг
- Хамт ажилладаг хүмүүстэйгээ нийцтэй байдаг
- Хамт олноороо хийж байгаа аливаа үйл хэргийг дандаа дэмждэг
- Хамт олны санаа бодолд нийцэхгүй үзэл бодлоо ил гаргадаггүй
- Хамт олонд яршиг төвөг уддаггүй
Ийм хүнийг сайн хүн гэх бөгөөд багаар ажиллах чадвартай гэх гээд байдаг. Гэтэл ийм хүмүүс нь ихэнхдээ санаачлагагүй, үлбэгэр, өөрийн бодолгүй, хувийн амжилтгүй, "байдаг л нэг" загвар байх нь түгээмэл. Ийм хүмүүст ширээ зөөх үүрэг өгвөл, жишээ нь 4 хүн байсан бол тэд дөрвүүлээ нөгөө ширээг өргөх гээд дайрна. Уул нь хоёр хүн даах ширээг шүү дээ! Багаар ажиллах гэдэг нь тэгвэл үүнээс тэс ондоо утгатай.
Баг гэдэг нь юу болохыг дээр хэлсэн. Тэгэхээр "Багаар ажиллах" гэдэг нь "Багийнхнийхаа төлөө ажиллах" гэсэн утгатай. Энд сэтгэл, мэдрэмж, ухаан, туршлага шаардагдана. Эдгээр шаардлагатай зүйлсийг өөртөө байгаа гэж мэдэж байвал та "Багаар ажиллах чадвар"-тай гэсэн үг ээ.
Багийн амжилт нь түүний гишүүн бүрийн хүчин зүтгэл, хөдөлмөрийн бүтээмжээс урган бүрдэнэ. Багийн гишүүн бүр тус тусынхаа даасан үүргээ чин сэтгэлийн хүчээр бүхий л боломжоо дайчлан гүйцэтгэвэл өөртөө амжилтыг бий болгох бөгөөд ийм амжилтууд нийлж багийн амжилт болдог. Дээр дурдсан жишээг санацгаая. Хэрэв баг бүрдэж чадсан бол 2 хүн ширээг зөөх бөгөөд 1 нь замын тээгийг зайлуулах, үлдсэн 1 нь ширээ тавих газрыг бэлдэх зэргээр ажиллах байлаа. Өөрөө хэлбэл гишүүн бүр тусын чадах зүйлийг хийснээр нийт гишүүдийн зорьсон зорилго гүйцэлдэж байна
No comments:
Post a Comment